10.22 дугаар зүйл. Цахим гарын үсгийн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.22 дугаар зүйл. Цахим гарын үсгийн тухай хууль зөрчих

1.Цахим гарын үсгийн тухай хуульд заасан:

1.1.тусгай зөвшөөрөлгүйгээр гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхэлсэн;

1.2.тусгай зөвшөөрлийн нөхцөлийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан;

1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч холбогдох иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах;

1.4.гэрчилгээ олгохын эрх зүйн үр дагаврыг тайлбарлан таниулах үүргээ зөрчин гэрчилгээ олгосон бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасан журмын дагуу гэрчилгээг хүчингүй болгоогүй, эсхүл гэрчилгээг хүчингүйд тооцох хуулиар тогтоосон нөхцөлийн дагуу гэрчилгээг хүчингүйд тооцоогүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Хуульд тодорхойлон заасан бүртгэлийн нэгж хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөх, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглах, эсхүл хэрэглэгчийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид дамжуулахдаа нийтийн түлхүүрийг хуулбарлаж авахгүй байх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрчилгээ олгох үйл ажиллагааны талаархи мэдээллийг бүрдүүлэх, шалгах боломжийг хангах зорилгоор гэрчилгээтэй холбогдох бүртгэл хөтлөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Цахим баримт бичгийн агуулгад хууль зөрчиж өөрчлөлт оруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тоон гарын үсгийн мэдээллийн санг устгасан, эсхүл хууль бусаар өөрчлөлт оруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Хувийн түлхүүрийн нууцлалыг задруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.