10.7 дугаар зүйл. Өрсөлдөөний тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.7 дугаар зүйл. Өрсөлдөөний тухай хууль зөрчих

1.Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:

1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;

1.2.зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах;

1.3.бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Аж ахуй эрхлэгчдийн хооронд байгуулсан:

2.1.эдийн засгийн болон технологийн үндэслэлгүйгээр аж ахуйн харилцаа тогтоохоос татгалзах;

2.2.барааг гуравдагч этгээдэд худалдах, худалдан авахыг хязгаарлах;

2.3.өрсөлдөөнд чухал ач холбогдол бүхий хэлцэл, тохиролцооноос хамсан татгалзах;

2.4.аж ахуйг ашигтай эрхлэх зорилгоор аль нэг байгууллагад гишүүнээр элсэхэд нь өрсөлдөгчид саад учруулах гэрээ, хэлцэл (картель) нийтийн ашиг сонирхолд харшилсан эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:

4.1.өрсөлдөгчийн, эсхүл түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй, эсхүл гуйвуулсан мэдээ тараах;

4.2.өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх;

4.3.барааны чанарын доголдол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай шинж чанарыг нуун дарагдуулах;

4.4.өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;

4.5.тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, эсхүл уг урамшууллыг аль нэг этгээдэд өгөхөөр урьдаас тохиролцож зориуд хуурамчаар зохион байгуулах;

4.6.уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо өрсөлдөгчөө тухайн үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх;

4.7.хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.Өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, даруй үнэн зөв гаргаж өгөөгүй, эсхүл түүнийг гэмтээсэн, устгасан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авсан аж ахуй эрхлэгч энэ тухайгаа өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл аж ахуй эрхлэгч нь эдгээр гэрээ, хэлцлийг дэмжиж оролцсон, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаал хавсран ажилласан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 7, 8, 9 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулахад аж ахуй эрхлэгчийн өмнөх жилийн борлуулалтын орлогыг тооцох боломжгүй, эсхүл борлуулалт хийгдээгүй тохиолдолд тухайн аж ахуй эрхлэгчийг өөрийн хөрөнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ тайлбарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн бол хохирлын хэмжээг харгалзан энэ хуульд заасны дагуу оногдуулах шийтгэлийг багасгаж болно.

-Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн бол энэ хуульд заасны дагуу оногдуулах шийтгэлийг 100 хүртэл хувиар, хуульд заасан зөрчлийг хянан шалгах ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж ахуй эрхлэгчид 50 хүртэл хувиар багасгаж болно.

-Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан аж ахуй эрхлэгч тухайн зөрчлийн талаар хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн, хяналт шалгалтын явцад шаардлагатай баримт материалаар хангах үүрэг хүлээсэн байх нөхцөлийг хангасан бол шийтгэлээс хөнгөлөх тухай шийдвэрийг өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.