11.1 дугаар зүйл. Аудитын тухай хууль зөрчих
1.Аудитын хуулийн этгээд:
1.1.аудит баталгаажуулалтын үйл ажиллагааг чанарын хяналт, аудит, нягтлах ажил, бусад баталгаажуулалт болон холбогдох үйлчилгээний олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгээгүй;
1.2.аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийхдээ аудитын олон улсын стандартыг баримтлаагүй;
1.3.аудитын үйл ажиллагаанд баримтлах аудитын олон улсын стандартад заасан арга, хэлбэрээр аудитын үйл ажиллагааг явуулаагүй;
1.4.аудитын үйл ажиллагаанд баримтлах хараат бус байх, хараат бус байдлыг алдагдуулахад нөлөөлж болох шахалт, эрхшээлд орох аливаа нөхцөл байдлаас зайлсхийгээгүй;
1.5.аудитын үйл ажиллагаанд баримтлах харилцагчийн мэдээллийн нууцыг хадгалах үүргээ биелүүлээгүй;
1.6.шударга өрсөлдөөний зарчмыг мөрдөх, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэхээргүй бодитой зар сурталчилгаа явуулах, өөрийн байгууллагыг бусад аудитын хуулийн этгээдтэй харьцуулах, тэдний нэр төрд харшлах үйлдэл гаргахгүй байх үүргээ биелүүлээгүй;
1.7.аудитын үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандах зарчмыг баримтлаагүй;
1.8.санхүүгийн тайлангийн аудит, эсхүл санхүүгийн тайланг нягтлах ажил, эсхүл бусад баталгаажуулах ажил /аудитын үйлчилгээ үзүүлэх/-ыг нэг аж ахуйн нэгж байгууллагад дараалсан таван жилээс илүү хугацаанд үзүүлсэн;
1.9.хуульд заасны дагуу таван жил өнгөрсний дараа солигдсон аудитын хуулийн этгээд нь солигдсоноос хойш дараагийн гурван жилийн хугацаанд тухайн үйлчлүүлэгч байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлсэн;
1.10.хөрөнгийн үнэлгээ, татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч байгууллагынхаа тухайн санхүүгийн жилийн тайланд аудит хийсэн бол аудиторыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Аудитор, аудитын хуулийн этгээд:
2.1.аудитын ажлын баримтыг хуульд заасан хугацаагаар хадгалах үүргээ биелүүлээгүй;
2.2.хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
2.3.өөрийн салбартаа үндсэн орон тооны нэгээс доошгүй аудитортай байх үүргээ биелүүлээгүй бол аудиторыг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хууль тогтоомжид заасны дагуу санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх хуулийн этгээд:
3.1.аудит хийлгэх үүргээ биелүүлээгүй;
3.2.аудитыг хуульд заасан хугацаанд хийлгээгүй;
3.3.хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Аудитын хуулийн этгээд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд тавигдах шаардлагыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож аудиторыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Аудитын үйлчилгээний хөлсийг үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдал, аудитын дүгнэлтийн шинж чанараас хамааруулан тогтоохгүй байх, эсхүл тусгай зөвшөөрөл авсан аудитын хуулийн этгээд нь "Аудит" гэсэн үгийг оноосон нэрийн ард хэрэглэх шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Аудитын хуулийн этгээдээр үйлчлүүлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс зайлсхийсэн, эсхүл татгалзсан, эсхүл aудитын үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Үйлчлүүлэгчтэй ажил төрлийн холбоотой хүн, хуулийн этгээд нь санхүүгийн тайланд аудит хийхэд шаардлагатай баримт, бусад материалыг танилцуулах, тайлбар гаргаж өгөхөөс татгалзаж, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Аудитын хуулийн этгээдэд ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч өөр байгууллагад давхар ажил эрхэлсэн, эсхүл бусад аудитын хуулийн этгээдэд гэрээгээр ажилласан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй аудитын хуулийн этгээд нь хугацаагүй эрхтэй дөрвөөс доошгүй мэргэшсэн нягтлан бодогчтой байх үүргээ биелүүлээгүй бол аудиторыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 1.9 дэх заалт нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын болон улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.