11.15 дугаар зүйл. Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.15 дугаар зүйл. Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих

1.Даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Хуульд заасан нөхцөл, журам, хугацаанд нийцүүлэн нөхөн төлбөрийг олгоогүй, эсхүл тодорхой үндэслэлийг заан татгалзах хариуг хохирогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авалгүйгээр даатгалын гэрээг шилжүүлсэн, эсхүл үйл ажиллагаагаа нэгтгэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Жолоочийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлэлгүй жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл хуульд заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч, эсхүл "С", "D" ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч жолоочийн даатгалд заавал хамрагдах үүргээ биелүүлээгүй, эсхүл даатгалтай холбоотой бусад журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.Жолоочийн даатгалын тухай хуулийг зөрчсөн, эсхүл хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулсан, эсхүл улсын бүртгэлд бүртгэсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг хуульд заасан зориулалт бусаар ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Зөвшөөрөлгүйгээр жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.