11.20 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.20 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль зөрчих

1.Татварын мэргэшсэн зөвлөх:

1.1.хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан;

1.2.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үндсэн орон тоон дээр ажилладаг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч өөр байгууллагад эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээс өөр давхар ажил эрхэлсэн, эсхүл бусад татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд гэрээгээр ажилласан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасан эрх, тусгай зөвшөөрөл авахгүйгээр зөвлөх үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Үйлчлүүлэгч нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд нь хууль бус үйлдэл хийлгүүлэхээр шахалт үзүүлсэн, эсхүл энэ чиглэлийн удирдамж, заавар өгч, биелүүлэхийг шаардсан, эсхүл хуульд заасан татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд баримтлах зарчмыг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг тусгай зөвшөөрөл олгогдсон, эсхүл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн талаар, эсхүл эрх олгосон, эсхүл эрхийг нь хүчингүй болгосон татварын мэргэшсэн зөвлөхийн нэрийг тухай бүр нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: -Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх ажиллагаанд оролцсон, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлсэн, хувийн ашиг сонирхлын үүднээс ашигласны улмаас учруулсан хохирлыг татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нөхөн төлнө.

-Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг татварын мэргэшсэн зөвлөх хүлээхгүй.

-Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн өгсөн зөвлөгөөг хүлээн аваагүйгээс үүсэх хариуцлагыг татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд хүлээхгүй.

-Энэ хуульд заасны дагуу шийтгэл ногдуулсан нь гэм буруутай этгээдийг учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.