11.22 дугаар зүйл. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.22 дугаар зүйл. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль зөрчих

1.Хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгасан бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, ачилтыг хийлгээгүй, эсхүл амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын битүүмжлэлийг задалсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Илгээмжийн үйлчилгээ эрхлэгч байгууллага амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бүхий илгээмж ирсэн тухай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн байгууллагад мэдэгдэж үзлэг, шалгалт хийлгээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Импорт, экспортын гэрчилгээгүй, эсхүл гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл хуурамч, эсхүл дагалдах бусад баримт бичигтэй тохирохгүй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсэн , эсхүл нэвтрүүлэх оролдлого хийсэн бол хилээр нэвтрүүлэхийг хориглож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд хүн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийн хашлага, дэвсгэр, сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэлд хорио цээрийн үзлэг, шалгалтыг хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбай дээр хийлгээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг:

6.1.импортлох;

6.2.экспортлох;

6.3.дамжуулан өнгөрүүлэх;

6.4.тээвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулах, тэдгээрийг саатуулах, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах зардлыг хариуцахаас зайлсхийсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.