11.3 дугаар зүйл. Банкны тухай хууль зөрчих
1.Банкны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Банкны тухай хууль тогтоомжид тусгайлан заасан банканд хориглох үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Банкны тухай хуульд заасан, эсхүл Монголбанкнаас тогтоосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтад тавьсан хязгаарлалтыг таван нэгж-хувь хүртэл зөрчсөн бол банкийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Банкны тухай хуульд заасан, эсхүл Монголбанкнаас тогтоосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтад тавьсан хязгаарлалтыг таваас арван таван нэгж-хувь хүртэл зөрчсөн бол банкийг далан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Банкны тухай хуульд заасан, эсхүл Монголбанкнаас тогтоосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтад тавьсан хязгаарлалтыг арван таваас дээш нэгж-хувиар зөрчсөн бол банкийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, эсхүл Монголбанкны шийдвэрийг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.Хуульд заасан хяналт, шалгалт, банканд хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд саад учруулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Тайлан, тэнцэл, мэдээ баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг Монголбанканд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, ирүүлээгүй эсхүл нийтэд мэдээлбэл зохих санхүүгийн тайлан, бусад мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
11.Банкны заавал байлгах нөөцийн болон энэ зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хуульд заасан банканд тавих шаардлагыг хангаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.Банкны нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Банкны тухай хуульд заасныг зөрчиж хуульд нийцээгүй, эсхүл хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, уг зар сурталчилгаа, тайлан, мэдээллийг бэлтгэсэн, эсхүл баталгаажуулсан хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Банкны тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн бол олсон орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/