11.32 дугаар зүйл. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.32 дугаар зүйл. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчих

1.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн бол тухайн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл тэдгээрийг хэрэгжүүлэх талаар хуулиар эрх олгосон этгээдийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан системийн тасралтгүй, найдвартай ажиллагаанд саад учруулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалт хийх үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Төлбөрийн болон төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл төлбөр тооцоог саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тайлан, мэдээ, баримтыг Монголбанканд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасны дагуу гаргаж өгөөгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй бол зөвшөөрөл эзэмшигчийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулсан тайлан мэдээлэл нийтлүүлсэн бол хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулсан тайлан мэдээллийг баталгаажуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий этгээд, гэрээт төлөөлөгч эрхэлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг түгээсэн бол хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан зар сурталчилгааг түгээх эрх олгосон бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.