11.5 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.5 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих

1.Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хуулиар хориглосон, эсхүл тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн бол олсон орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч:

6.1.төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан;

6.2.тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Санхүүгийн зохицуулах хороонд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл энэ хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй, эсхүл нийтлүүлсэн тайлан мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.