11.9 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.9 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль зөрчих

1.Хадгаламж, зээлийн хоршоо, түүний эрх бүхий албан тушаалтан, хадгаламж зээлийн хоршоодын холбоо:

1.1.идэвхгүй гишүүнээр тооцох тухай тэргүүлэгчдийн зөвлөл шийдвэр гаргахаас ажлын 30 өдрийн өмнө тухайн гишүүнд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.2.энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасан мэдэгдлийг хүлээн авах боломжтой байсан, эсхүл хүлээн авсан боловч ажлын 15 өдрийн дотор хариу тайлбар ирүүлээгүй гишүүнийг идэвхгүй гишүүнд тооцож, түүний оруулсан хувь хөрөнгөтэй дүйцэх хөрөнгө, хадгаламжийн үлдэгдэл, тухайн жилийн орлогоос хүртэх хувь хөрөнгө, хүүгийн төлбөр зэргийг тусгайлсан дансанд төвлөрүүлж, санхүүгийн тайлан, мэдээнд тусгайлан тусгах үүргээ биелүүлээгүй;

1.3.идэвхгүй гишүүнтэй хийх төлбөр тооцоог хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;

1.4.санхүүгийн хүндрэлтэй хадгаламж, зээлийн хоршоонд тогтворжилтын сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн туслалцааг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр олгох үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хадгаламж, зээлийн хоршоо, түүний гишүүн:

2.1.хуульд заасан хадгаламж, зээлийн хоршооны гишүүний хангасан байвал зохих нөхцөлийг хангаагүй;

2.2.тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах, түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;

2.3.хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан тохиолдолд гишүүний эрх нь хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг бүрэн оруулснаар үүсэх, энэ тохиолдолд тухайн гишүүн дүрмээр тогтоосон хугацаанд хувь хөрөнгийг бүрэн оруулах үүргээ биелүүлээгүй, эсхүл хувь хөрөнгөө оруулаагүй;

2.4.хуульд заасан бүх гишүүдийн хурлыг заавал хуралдуулах тохиолдолд бүх гишүүдийн хурлыг хуралдуулаагүй;

2.5.бүх гишүүдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй;

2.6.хадгаламж, зээлийн хоршооны нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нь нийт гишүүний оруулсан хувь хөрөнгийн 10 хувиас хэтэрсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь:

3.1.хадгаламж, зээлийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эсхүл хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхлэх үүргээ биелүүлээгүй;

3.2.төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл хууль тогтоомжоор хориглосон санхүүгийн ажил, үйлчилгээг эрхэлсэн;

3.3.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалах журам зөрчсөн; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.4.хууль, эсхүл хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгох журам зөрчсөн;

3.5.нэг гишүүн, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн хэмжээ нь төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчсөн;

3.6.санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж тогтоосон хугацаанд төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй;

3.7.төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг ирүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.