12.11 дугаар зүйл. Цөмийн энергийн тухай хууль зөрчих
1.Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол үйл ажиллагааг зөрчил арилтал түр зогсоож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Цацраг идэвхт ашигт малтмал, цацрагийн үүсгүүр, цөмийн энерги ашиглах талаархи тусгай зөвшөөрөлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Цацрагийн осол, зөрчлийн тохиолдлыг зохих журмын дагуу мэдэгдээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Шаардлагатай мэдээ, тайлан гаргаж өгөөгүй, эсхүл худал мэдээлэл гаргаж өгсөн, эсхүл цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй бол үйл ажиллагааг зөрчил арилтал түр зогсоож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Цацрагийн үүсгүүрийн нэр төрлийг өөрчилсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгуулаагүй үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь:
9.1.олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан;
9.2.нуун дарагдуулах зорилгоор хуурамч гэрээ байгуулсан;
9.3.борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан бол олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын хэмжээ, борлуулалтын үнийн зөрүүг тооцож улсын орлогод нөхөн төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.