12.5 дугаар зүйл. Хот байгуулалтын тухай хууль зөрчих
1.Хот байгуулалтын тухай хуульд заасан:
1.1.орон сууц, олон нийтийн барилга, үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцох;
1.2.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоолтой байх, хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.3.барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх;
1.4.барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй байх хуульд заасан журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Хот байгуулалтын тухай хуульд заасан:
2.1.нутаг дэвсгэрийн бүсчлэлд тавигдах шаардлага;
2.2.хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц бий болгох журам;
2.3.хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарласан журам;
2.4.хот байгуулалтын кадастрын мэдээлэл нээлттэй байх журам;
2.5.хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулахдаа:
3.1.тусгай зөвшөөрөлгүй, эсхүл сонгон шалгаруулалтаар шалгараагүй аж ахуйн нэгж, байгууллага боловсруулсан;
3.2.хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан норм, дүрэм, журам мөрдөөгүй;
3.3.барилга байгууламжид тавигдах шаардлага, тэдгээрийн дэд бүтцийн хангамж, ногоон байгууламж, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлыг тусгаагүй;
3.4.хот байгуулалтын баримт бичгийн захиалагч нь хот байгуулалтын баримт бичигт холбогдох хууль тогтоомж, норм ба дүрэм, журамд заасны дагуу улсын экспертизийн дүгнэлт гаргуулаагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.