12.8 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12.8 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хууль зөрчих

1.Хуульд заасныг зөрчиж: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.1.тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн;

1.2.тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн;

1.3.бусдын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан;

1.4.эрх бүхий байгууллагаас хянан баталснаас өөр үнэ тарифаар эрчим хүчийг борлуулсан бол борлуулалтын орлогыг хурааж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эрчим хүчний тухай хуулиар, эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Эрчим хүчний тухай хуульд заасныг зөрчиж:

4.1.эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал холболтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл хэвийн ажиллагааг алдагдуулсан;

4.2.зөвшөөрөлгүйгээр эрчим хүч хэрэглэсэн;

4.3.шугам сүлжээг хамгаалах, цахилгаан, дулаан хэрэглэх журам зөрчсөн;

4.4.хамгаалах зурваст газар олгосон бол хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн, эсхүл үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, эсхүл техникийн гэмтэл гаргахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Эрчим хүчний тухай хуульд заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дотор:

6.1.гэр, орон сууц, барилга байгууламж барьсан;

6.2.шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулсан бол үйл ажиллагааг зогсоож, барилга байгууламжийг буулгуулах, зурвасыг чөлөөлүүлэх арга хэмжээ авч учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Тайлбар: Хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөл шаардлагын дагуу холбогдоогүй, эсхүл хүчин чадлыг дур мэдэн нэмэгдүүлснээс эрчим хүч түгээх, хангах байгууллагад хохирол учруулсан, хохирлыг барагдуулах тухай шаардлагыг биелүүлээгүй бол тухайн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.