13.1 дугаар зүйл. Тариалангийн тухай хууль зөрчих
1.Хуульд заасан холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, эсхүл ашиглуулсан бол атар газрыг хагалсан хүн, хуулийн этгээдээр газрыг нөхөн сэргээлгэж, хагалсан нэг га тутамд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Атар, атаршсан газрыг эхний удаа эргэлтэд оруулах, холбогдох технологийн дагуу усалгаатай талбайг боловсруулах, эсхүл ногоон бордуурт уринш хийхээс бусад тохиолдолд үр тарианы үйлдвэрлэлд газрын хөрсийг хөмрүүлж хагалах техник, технологи ашигласан бол газрыг хагалсан хүн, хуулийн этгээдээр газрыг нөхөн сэргээлгэж, хагалсан нэг га тутамд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч:
3.1.тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөхдөө сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдээгүй;
3.2.тариалангийн газарт хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдээгүй, эсхүл шаардлагатай арга хэмжээг аваагүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Тариалангийн газрыг атаршуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд:
6.1.мал бэлчээсэн;
6.2.оторлосон;
6.3.бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байлгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Агрохими, агрофизикийн шинжилгээний явцад зөрчил илэрсэнийг итгэмжлэгдсэн лаборатори сумын газрын даамал, тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн газрын албанд мэдэгдээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Агрохими, агрофизикийн шинжилгээг таван жил тутам тариалангийн газрын эзэмшигч, ашиглагч өөрийн хөрөнгөөр хийлгээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.