13.9 дугаар зүйл. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчих
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрсөн бол зөрчлийг арилгуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархаах, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, мал, амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь дархлаажуулалт хийх, сорьц авах үед болон мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар хорогдсон тохиолдолд авч хэрэгжүүлэхээр хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм хэрэглэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь:
5.1.өвчний сэжиг илэрсэн хот айл, эрчимжсэн аж ахуйн бүх малд нэн даруй эрүүл мэндийн үзлэг хийж, анхны онош тогтоогоогүй, эсхүл халдварт өвчний сэжигтэй мал, амьтанд тусгайлсан тэмдэг тавьж хяналтад аваагүй;
5.2.анхны оношийг баталгаажуулах зорилгоор зохих журам, зааврын дагуу сорьц авч хуульд заасан хугацаанд мал эмнэлгийн тасагт хүргүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь:
6.1.хуульд заасныг зөрчиж малын халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг товлосон хугацаанд хэрэгжүүлээгүй;
6.2.мэргэжлийн үйлчилгээ эрхлэх итгэмжлэлгүй этгээд, мэргэжлийн үнэмлэхгүй техникийн ажилтнаар мал эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгүүлсэн бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Мэргэжлийн үйлчилгээ эрхлэх эрхгүй этгээд, мэргэжлийн үнэмлэхгүй техникийн ажилтан мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Аймаг, сум, нийслэл, дүүргийн лаборатори нь: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг стандартад заасан аргачлалын дагуу хийгээгүй;
8.2.магадлан шинжилгээний гэрчилгээг шинжилгээ хийлгүй олгосон бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Малчин, амьтан маллагч нь: /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.1.өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлээгүй, хяналтын цэгт шалгуулахгүй өнгөрсөн, эсхүл тогтоосон замаас өөр замаар тээвэрлэсэн, тууварласан; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.эрүүл мэндийн тодорхойлолт авалгүйгээр бусад сум, дүүргийн нутаг дэвсгэрт мал оторлосон; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.3.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс хооронд мал, амьтан тууварласан, тээвэрлэсэн бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт: /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.1.орон нутгийн онцгой комиссын зөвшөөрөлгүйгээр бэлчээр, нутаг сэлгэсэн; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.2.нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, хүн, мал, амьтны бөөгнөрөл бий болгосон; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./