14.14 дугаар зүйл. Далай ашиглах тухай хууль болон далайн салбарын олон улсын гэрээ, конвенцыг зөрчих /Энэ зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь: /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.1.бүртгэлийн болон техникийн гэрчилгээ, багийн гишүүдийн чадамжийн гэрчилгээ, түүний баталгаажуулалт, холбогдох бусад баримт бичгийн бүрдэл зөрчилтэй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.2.хөлөг онгоцны бүтэц, хийц, ашиглалтын нөхцөл байдал хангалтгүй, холбогдох тоног төхөөрөмжийн болон удирдлага, залуурын ажиллагаа хэвийн бус; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.3.хөлөг онгоцны их бие болон бусад хэсгийн ус үл нэвтрүүлэх чадвар алдагдсан, даацын хэмжээ хэтэрсэн, цаг агаарын хүнд нөхцөл байдлаас гарч болох аюулаас хамгаалах байдал хангалтгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.4.осол, аваарын үед гарч болох нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний бэлэн байдал хангалтгүй, аюулгүй ажиллагааны зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.5.хөлөг онгоцны харилцаа, холбооны тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус, тэдгээрийн засвар үйлчилгээ хийгдээгүй, эрчим хүчний нэмэлт нөөцөөр хангагдаагүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.6.хөлөг онгоц дээр ачаа ачих, буулгах, хадгалах үйл ажиллагааны зааварчилгаа байхгүй, түүнтэй холбоотой тоног төхөөрөмжийн ажиллагаа, оосор татлагын хувьд хэвийн бус, доголдолтой; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.7.хөлөг онгоц дээрх галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжүүлэлт дутагдалтай, гал эсэргүүцэх багаж, төхөөрөмжийн ажиллагаа бүрэн бус, гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааны дадлага, сургуулилт хийгдээгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.8.хөлөг онгоцны үндсэн болон туслах хөдөлгүүр ба бусад туслах тоног төхөөрөмжийн ажиллагаа доголдсон, тэдгээрийн засвар үйлчилгээ тогтмол хийгдээгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.9.хөлөг онгоцны хөдөлгүүр, бусад тоног төхөөрөмжийн ажиллагааны анхааруулах дохиолол, осол аваарын үеийн дуут дохиоллын ажиллагаа хэвийн бус; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.10.багийн гишүүдийн хөлөг онгоц дээр аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөл байдал, эрүүл ахуй, ариун цэврийн хангамжийн хувьд шаардлага хангаагүй, багийн гишүүний насны доод хязгаарын шаардлагыг баримтлаагүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.11.хөлөг онгоцны жолоодлогын удирдлага, зохион байгуулалт, түүнтэй холбоотой тоног төхөөрөмжийн болон хөлөг онгоцны байршил тогтоох системийн ажиллагаа бүрэн бус; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.12.аврах завь, хэрэгсэл, тэдгээрийн ажиллагааны хэвийн бус нөхцөл байдал, засвар үйлчилгээ хийх хугацааны давтамж алдагдсан, аврах ажиллагааны төлөвлөгөөний дагуу дадлага, сургуулилт хийгдээгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.13.аюултай ачааны агуулах, савлагаа, хадгалалт, хамгаалалтын байдал алдагдсан, зааварчилгаа өгөгдөөгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хийгдээгүй, хувийн хамгаалах хэрэгслийн хангамж хангалтгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.14.хөлөг онгоцноос болон түүний тээвэрлэж байгаа ачаанаас үүдэлтэйгээр далай, далайн орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэвийн бус, хог хаягдлын менежментийн зааварчилгааг дагаж мөрдөөгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.15.хөлөг онгоцны эзэмшигчийн зүгээс авч хэрэгжүүлэх хөлөг онгоцны аюулгүй үйл ажиллагааны менежмент, холбогдох баримт бичгийн бүрдэл хангалтгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.16.хөлөг онгоцны аюулгүй байдал, түүний харуул, хамгаалалтын зохион байгуулалт хангалтгүй, аюулгүй ажиллагааны сургалт, дадлага хийгдээгүй, аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөний улмаас боомтын улсын хяналт, шалгалтаар саатуулагдсан тохиолдолд тухайн хөлөг онгоц эзэмшигчийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн хөлөг онгоцны бүртгэлийн болон техникийн холбогдох гэрчилгээг засварласан, хуурамчаар үйлдсэн бол хөлөг онгоц эзэмшигчийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн хөлөг онгоц нь эрх бүхий олон улсын байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг зөрчсөн, хууль бус тээвэрлэлт хийсэн бол олон улсын эрх зүйн хүрээнд хариуцлага хүлээлгэснээс үл хамаарч бүртгэлийг цуцалж, Олон Улсын Далайн Байгууллага, эсхүл холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Хөлөг онгоцны бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу үйлдээгүй, эсхүл буруу хийсэн, эсхүл хуурамчаар үйлдсэн бол бүртгэгчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./