14.6 дугаар зүйл. Автотээврийн тухай хууль зөрчих
1.Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо:
2.1.бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явсан;
2.2.нийтийн тээврийн хэрэгслийн эд ангийг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч:
4.1.автотээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх;
4.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
4.3.байгаль орчныг хамгаалах;
4.4.иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах;
4.5.зориулалтын, зөвшөөрөгдсөн байр, зогсоол, талбайд автотээврийн хэрэгслийг тавих үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн жолоочийг замд гарах зөвшөөрөл олгосон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн, дугаар үйлдвэрлэсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Хуульд заасан үүргээ:
10.1.тээвэрлэгч;
10.2.тээвэрлүүлэгч;
10.3.зорчигч биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Техникийн хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.