14.8 дугаар зүйл. Иргэний нисэхийн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14.8 дугаар зүйл. Иргэний нисэхийн тухай хууль зөрчих

1.Иргэний нисэхийн дүрэмд заасан баримт бичгийн бүрдэлгүй, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нисэхийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Хуулиар эрх олгогдсон этгээд нисэхийн аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохих журмын дагуу хийгээгүй бол үзлэг шалгалт хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Нислэгийг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй онцгой тохиолдлын талаар хүндэтгэх шалтгаангүйгээр мэдээлээгүй бол агаарын хөлгийн даргыг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Иргэний нисэхийн хамгаалалттай бүсэд хууль бусаар нэвтэрсэн бол хүнийг нэг зуун нэгжээс нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Олон улсын нислэг үйлдэгч агаарын тээвэрлэгч нь зорчигчийн мэдээллийг иргэний агаарын хөлөг хөөрөхөөс өмнө эрх бүхий байгууллагад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүргүүлээгүй, эсхүл мэдээллийг дутуу хүргүүлсэн бол агаарын тээвэрлэгч хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.