15.27 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15.27 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх

1.Эрх хасах ял шийтгүүлсэн этгээд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээд төлбөр төлөгчийн хөрөнгийн талаархи мэдүүлгийг зориуд худал мэдүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед:

3.1.шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар хүлээлгэсэн үүргийг зөрчсөн;

3.2.төлбөр төлөгчийн хөрөнгийн талаархи мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй;

3.3.тогтоосон хугацаанд төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, эсхүл битүүмжилсэн тухай хариу мэдэгдээгүй;

3.4.битүүмжилсэн хөрөнгийг бусдад дур мэдэн шилжүүлсэн, үрэгдүүлсэн, тэдгээрт холбогдох хууль бус гүйлгээ хийсэн, эсхүл хөрөнгөө битүүмжлүүлсэн этгээдийн хууль бус хүсэлт, шаардлагыг хүлээн авсан;

3.5.битүүмжилсэн, төлбөрт суутган авахаар шийдвэрлэсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн заасан этгээдэд шилжүүлээгүй;

3.6.гэрээ, хэлцлийн дагуу үүссэн хөрөнгийн шинжтэй төлбөр төлөх үүргийг гүйцэтгүүлэхтэй холбогдсон гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болгох, тухайн гэрээ, хэлцлийн дагуу үүссэн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ бусдад шилжүүлэхийг хориглох тухай шийдвэрийг биелүүлээгүй;

3.7.хуульд заасны дагуу битүүмжилсэн, хураан авсан, худалдан борлуулахаар шийдвэрлэсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлээгүй;

3.8.төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал тооцох үүргээ биелүүлээгүй;

3.9.нийтэд тустай ажил хийлгэх ял, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гаргасан зөрчлийг нуун дарагдуулсан, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн цагийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн;

3.10.эрх хасах ял, шийтгэл, эрх хасах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;

3.11.хоригдлыг хөдөлмөрлүүлэх хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

3.12.хоригдолд хууль, хорих ангийн дотоод журмаар хориглосон зүйлийг дамжуулсан;

3.13.хоригдлыг чөлөөгөөр авч явахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

3.14.ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн эрүүл мэндийн байдлын талаар худал лавлагаа, тодорхойлолт, дүгнэлт гаргасан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.