15.30 дугаар зүйл. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15.30 дугаар зүйл. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийн төлөөлөгчийн ажил үүрэг гүйцэтгэхээ больсноос хойш хоёр жилийн хугацаанд хуульд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан бол зөрчсөн хүнээр хууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нь нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч болсон бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн нөөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авсан бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.