15.33 дугаар зүйл. Парламентыг үл хүндэтгэх /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
1.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсголын дэг, журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
2.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, шинжээч мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан эсхүл тусгай шалгалтад саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
3.Шинжээч Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дүгнэлт гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг устгасан, өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.Энэ зүйлийн 1-5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаан, сонсголд оролцсон этгээд дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хүнийг нэг зуугаас гурван зуун нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянгаас дөрвөн мянган нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./