16.2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих
1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын:
1.1.бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн;
1.2.нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн;
1.3.нутаг дэвсгэрт паспорт, паспортыг орлох баримт бичиг, эсхүл оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн;
1.4.нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн;
1.5.ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
1.6.хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтын дугаарт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад:
3.1.хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй;
3.2.оршин суух хугацааг хэтрүүлсэн;
3.3.визийн хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэлийн дээд хэмжээ нь хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс хэтрэхгүй байна.
4.Уригч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад:
4.1.хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй;
4.2.оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн;
4.3.визийн байх хугацааг хэтрүүлсэн бол гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцон хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.