5.6 дугаар зүйл. Хууль бусаар зэвсэг эзэмших

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5.6 дугаар зүйл. Хууль бусаар зэвсэг эзэмших

1.Хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Иргэний, эсхүл харуул хамгаалалтын зориулалттайгаас өөр төрлийн галт зэвсэг өмчилсөн, эсхүл эзэмшсэн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд зааснаас өөр зориулалтаар галт зэвсэг өмчилсөн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуульд заасны дагуу сургалтад сууж гэрчилгээ аваагүй, хуульд заасан өмчлөх эрхгүй этгээд галт зэвсэг олж авсан, эзэмшсэн, ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Галт зэвсэг бүртгүүлэх, хадгалах, ашиглах, эзэмших, худалдан авах журам зөрчсөн бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сум импортолсон, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсэг, сумыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Галт зэвсэг, сумыг худалдан авагч иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хуульд заасны дагуу цахим бүртгэлд хадгалаагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Спорт-сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.