6.10 дугаар зүйл. Донорын тухай хууль зөрчих
1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, магадлан итгэмжлэлгүйгээр донорын цус сэлбэсэн, эсхүл эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар хийсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Ашиг олох зорилгоор донорын үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Амьд донороос эс, эд, эрхтэн авах шаардлага, нөхцөлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.Донорын эс, эд, эрхтнийг худалдан авах, эсхүл худалдан борлуулахаар сурталчилсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.Ашиг олох зорилгоор баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтэн экспортолсон, эсхүл импортолсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.Хуульд зааснаас бусад тохиолдолд амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсхүл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./