6.19 дугаар зүйл. Биеийн тамир, спортын тухай хууль зөрчих
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагаанд стандарт, сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрийг мөрдөөгүй, хичээллэгчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулаагүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Спортын сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагааг зохих журмын дагуу эрх авалгүй эрхэлсэн, эсхүл эрх аваагүй этгээдээр сургалт-дасгалжуулалтыг удирдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Спортын сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагааг зохих журам, стандартын дагуу эрхлээгүй бол дасгалжуулагчийн эрхийг хасаж нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарьт заагдаагүй спортын тэмцээн зохион байгуулсан бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Орон нутгийн чанартай спортын тэмцээнийг урьдчилан мэдэгдэлгүйгээр зохион байгуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Орон нутгийн чанартай спортын тэмцээнийг зохион байгуулахад спортын тэмцээн зохион байгуулах дүрэм, стандартын талаар танилцуулаагүй, оролцогчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулаагүй, аюулгүй байдлыг хангаагүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчсөн бол спортын тэмцээнд оролцох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.