6.2 дугаар зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих
1.Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ус хангамжийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд хангагчийн зөвшөөрөлгүйгээр холбосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.Бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл урьдчилан цэвэрлээгүй бохир усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн заагт зөвшөөрөлгүй нэвтэрч хохирол учруулсан бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж, шугам сүлжээ барьсан бол түүнийг буулгаж, үйл ажиллагааг зогсоож учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис:
7.1.хадгалсан;
7.2.боловсруулсан;
7.3.үйлдвэрлэсэн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөөгүй бордоо ашиглан таримал ургамал тарьсан, эсхүл бодис, арга технологи хэрэглэн хөнөөлт шавж, мэрэгчийг устгасан бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд унд, ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдсөн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.Хуульд заасны дагуу техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Хангагч, эсхүл хэрэглэгч ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаархи хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Цэвэр усны алдагдал, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн гэмтлийг тогтоосон хугацаанд засварлаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./