6.30 дугаар зүйл. Нийслэл Улаанбаатар хот, түүний дагуул хотод мөрдөх хууль, дүрэм, журам зөрчих /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Нийслэл хот, түүний дагуул хотын дүрэм зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Авто зогсоолын нэгдсэн удирдлагын цахим системд холбогдоогүй, стандартын шаардлага хангаагүй авто зогсоол ажиллуулсан бол зөрчлийг арилгуулж, хууль зөрчиж олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд журам зөрчиж мал нэвтрүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./