6.4 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих
1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг:
1.1.эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, экспортлогч, импортлогч талууд байгуулсан гэрээнд заасан нэр төрөл, тоо, хэмжээнээс хэтрүүлсэн;
1.2.эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад зохих зөвшөөрөлгүйгээр олгосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг:
2.1.үйлдвэрлэх;
2.2.бэлтгэх;
2.3.боловсруулах;
2.4.хадгалах;
2.5.бүртгэх;
2.6.хуваарилах;
2.7.тээвэрлэх;
2.8.улсын хилээр нэвтрүүлэх;
2.9.устгах журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодисыг:
3.1.зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн худалдаалсан;
3.2.зохих зөвшөөрөлгүйгээр худалдаалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.