6.7 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хууль зөрчих
1.Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Өвчтөн, эсхүл нас барагчийн өвчин, эмгэгийн талаархи хуулиар хориглосноос бусад үнэн зөв мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөн, эсхүл нас барагчийн ар гэрийнхэнд өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Өвчин үүсгэгч нян, түүний хорыг лаборатори, үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр: 3.1.өсгөвөрлөсөн; 3.2.үржүүлсэн; 3.3.хадгалсан; 3.4.нөөцөлсөн; 3.5.мэдсээр байж тээвэрлэсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.Бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлах, эсхүл хөл хорио тогтоох журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Иргэнээс, эсхүл арван найман насанд хүрээгүй хүн, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон өвчтөний хувьд хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс нь бичгээр зөвшөөрөл авахгүйгээр нарийн төвөгтэй оношилгоо, мэс засал, анагаах ухааны судалгаа, туршилт хийсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга, технологийг эмнэл зүйн туршилт хийлгүйгээр эмнэлгийн практикт хэрэглэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Хуульд заасныг зөрчиж:
7.1.жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслан зогсоох журам зөрчсөн;
7.2.эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч нь эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөн бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Тусгай зөвшөөрөлгүй эмч хууль бусаар үр хөндсөн бол хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез:
9.1.үйлдвэрлэх;
9.2.худалдах;
9.3.импортлох,
9.4.ханган нийлүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.