7.13 дугаар зүйл. Газрын тосны тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7.13 дугаар зүйл. Газрын тосны тухай хууль зөрчих

1.Төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулаагүй этгээд эрлийн ажил хийсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарласан газар нутагт газрын тосны хайгуул, эсхүл олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Гэрээлэгч хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан, холбогдох баримт бичгийн хувийг хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ, тайлан, төлөвлөгөөг хууль, журам, гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолтын туршилтын хугацааг хэтрүүлж олборлолт явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон газрын тосны хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөсөн, эсхүл энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан, эсхүл бууруулахыг завдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн хугацаанд олсон орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа:

9.1.өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжид давуу эрх олгох;

9.2.хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх ба уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах;

9.3.үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн-мэргэжилтэн, мэргэжлийн ажилтныг ажилд авах, сургах, дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;

9.4.ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад, дотоодын ажилтны цалин, урамшууллыг тэгш тогтоох, ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах;

9.5.төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч, үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг зөрчсөн бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.Хайгуулын ажлын дээж, сорьц, чулуун дээж, анхдагч материалыг үрэгдүүлсэн, эсхүл устгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан журмын дагуу талбайн хилийн шав тэмдэг тавиагүй, эсхүл шав тэмдгийг шилжүүлэн байрлуулаагүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа:

13.1.зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн;

13.2.хуулиар хориглосон химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн;

13.3.химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ тогтоосон технологийн горим, дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Гэрээлэгч хуульд заасан хугацаанд хөтөлбөр, төсвөө батлуулаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.Гэрээнд заасан хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.Гэрээлэгч:

16.1.байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх;

16.2.хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын 3 хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны 1 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах;

16.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу бүрэн хийж дуусгах;

16.4.хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах ажлын зардлыг гаргах;

16.5.хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо тэдгээрийн нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийн мэдээлэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх;

16.6.газрын тосны нөөцийн хөдөлгөөний тооцоог жил бүр гаргаж төрийн захиргааны байгууллагаар хянуулах;

16.7.үйл ажиллагааных нь явцад түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд тухайн газарт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоож холбогдох байгууллагад даруй мэдэгдэх;

16.8.ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах;

16.9.орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах;

16.10.газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байх;

16.11.техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, эсхүл шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, эсхүл давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.