7.15 дугаар зүйл. Усны тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7.15 дугаар зүйл. Усны тухай хууль зөрчих

1.Хуульд заасны дагуу:

1.1.усыг зөвшөөрөл авснаас өөр зориулалтаар ашигласан;

1.2.цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан;

1.3.ус ашиглахад тавигдах нөхцөлийг хангуулахаар төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

1.4.ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй;

1.5.усны эх үүсвэрийн онцгой, эсхүл энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн;

1.6.ашиглаж дууссан цооногоо битүүмжилж хүлээлгэн өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Усны эх, ундаргын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гол, мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хуульд заасан:

5.1.усны сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүс тогтоох шаардлага биелүүлэх;

5.2.усны тоо бүртгэл, эрэл, хайгуул, судалгааны тайлан, хяналт- шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалтын бүртгэл, хаягдал усны бүртгэлийг хугацаанд нь явуулах;

5.3.тайлан, мэдээг гаргаж өгөх журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Рашааны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн, эсхүл эдгээр бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Рашааныг:

7.1.гэрээ, эсхүл зөвшөөрөлгүй ашигласан; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.2.горимын хэмжээнээс хэтрүүлэн гэрээгүйгээр ашигласан;

7.3.зориулалтыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх" гэснийг "хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.Ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.