9.1 дугаар зүйл. Боловсролын тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9.1 дугаар зүйл. Боловсролын тухай хууль зөрчих

1.Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтанд бие дааж сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Багшийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориуд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, сургалтын төлбөрийг суралцагчид буцаан олгож хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.