9.10 дугаар зүйл. Монгол хэлний тухай хууль зөрчих
1.Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон зохицуулалт, эсхүл журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Монгол хэлний тухай хуулиар тогтоосон:
2.1.хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичих;
2.2.хуульд тусгайлан заасан суралцагчдад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан ёсны хэлний мэдлэгийг эзэмшүүлэх;
2.3.хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх иргэдэд үндэсний, төрийн албан ёсны хэлийг зааж сургахад дэмжлэг үзүүлэх;
2.4.төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримтлах тухай журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцах, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтлөх журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.