9.4 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль зөрчих
1.Санхүүжилт, санхүүгийн дэмжлэг, хандивын талаархи нягтлан бодох, санхүүгийн бүртгэлээ зохих ёсоор хөтлөөгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, болзлын талаар суралцагчид мэдээлэл, зөвлөгөө өгөөгүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Дээд боловсролын сургалтын байгууллагын:
3.1.үйл ажиллагаа нь хаалттай;
3.2.хөрөнгө орлого, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй;
3.3.үйл ажиллагаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис, хүн, байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс хандив, тусламж авсан, тэдний үйл ажиллагааг сурталчилсан, дэмжсэн, хувьцааг нь худалдан авсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Дээд боловсролын байгууллага сургалтын дүнг засаж сургалтын зээл, суралцагчийн тэтгэлэг авсан, суралцагчид үзүүлэх хөнгөлөлт эдэлсэн, холбогдох мэдээ тайлан, мэдээллийг удаа дараа буруу гарган ирүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Улсын төсвөөс санхүүжилт, санхүүгийн дэмжлэг авсан дээд боловсролын сургалтын байгууллага жил бүр аудитын байгууллагаар аудит хийлгэж, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн тайланг олон нийтэд ил тод мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.