9.7 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих
1.Хуульд заасны дагуу:
1.1.соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлээгүй, эсхүл уг сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдал, мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй байх шаардлагыг хангаагүй;
1.2.соёлын өвийг хуульд заасан хугацаанд бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй;
1.3.соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл журмыг зөрчсөн; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.4.түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Соёлын өвийн судалгаа, шинжилгээ хийхдээ язгуур шинж, унаган төрх байдал, хүрээлэн байгаа орчны зохиомжийг эвдэж хуулиар тогтоосон журам, эсхүл стандартыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавихгүйгээр худалдсан, эсхүл гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлсэн, эсхүл зуучилсан бол уг дурсгалт зүйлийг хураан авч улсын орлого болгон хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Соёлын биет өвийг сэргээн засварлах хуулиар тогтоосон журам, эсхүл стандартыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хуулиар тогтоосон хориглолт, журам, стандартыг зөрчсөн, эсхүл анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан, эсхүл зөвшөөрөлгүй хөдөлгөж, зөөж тээвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд байрлуулсан танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээг эвдэж устгасан, эсхүл дурсгал дээр ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад хэрэгслийг байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Соёлын өвийн, эсхүл түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад илэрсэн соёлын биет өвийг хамгаалах, мэдээлэх арга хэмжээ аваагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Нийтийн өмчийн соёлын биет өвийг зөвшөөрөлгүй хувилан олшруулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийхдээ:
10.1.геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, усны эх, рашаан, булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээсэн;
10.2.тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэсэн;
10.3.судалгааны үр дүнд хохирол учруулж болзошгүй техник, тоног төхөөрөмж ашигласан;
10.4.малтлага, судалгааны явцад үүссэн нүх, хонхор болон хүрээлэн байгаа орчны үзэмжийг эвдсэн элс, шороо, чулуун овоолго үлдээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээсэн, олдворыг стандартын шаардлага хангаагүй өрөө тасалгаа, орчинд хадгалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Соёлын биет өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ хийх, сургалт явуулах зориулалтаар ашиглахдаа гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын болон орчны бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй палеонтологи, археологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргасан, эсхүл музей байгуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.