1.12 дугаар зүйл. Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах
1.Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана:
2.1.энэ хуулийн 6.5, 6.11 дүгээр зүйлд заасан шийдвэрт тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор;
2.2.энэ зүйлийн 2.1 дэх заалтад зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж, шийдвэрийг гомдол гаргасан оролцогчид биечлэн танилцуулах, эсхүл харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.
4.Оролцогч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.
5.Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.
6.Прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно.
7.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.
8.Эрх бүхий албан тушаалтан, эсхүл прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч хянасан прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
8.1.шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох;
8.2.шийдвэр, үйл ажиллагааг өөрчлөх;
8.3.гомдлыг хүлээн авахаас татгалзах.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.Прокурор энэ зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад заасан шийдвэр гаргахдаа гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг даруй авч болно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./