1.4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

1.4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

1.1."зөрчил шалган шийдвэрлэх" гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг;

1.2."зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг;

1.3."зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан" гэж эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг;

1.4."оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;

1.5."хувийн баримт бичиг" гэж Монгол Улсын иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, албаны болон жолоодох эрхийн үнэмлэх, гадаадын иргэний паспорт, эсхүл тэдгээртэй адилтгах баримт бичгийг.

1.6."замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан систем" /цаашид "автоматжуулсан систем" гэх/ гэж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг өнгө, улсын дугаар, төрөл, үйлдвэрлэгчээр нь таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгах, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх ажиллагааг автоматжуулсан мэдээллийн системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогцыг. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.