4.15 дугаар зүйл. Зөрчлийг нотлох
1.Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.
2.Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно.
3.Прокурор, эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй.
4.Оролцогчийн гаргасан нотлох баримт шалгуулах хүсэлтийг энэ хуулийн 1.13 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
5.Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй.
6.Хүн, хуулийн этгээд, албан тушаалтны гаргаж өгсөн эх бичмэл нотлох баримтыг тухайн зөрчлийн талаар гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буцаан өгч хуулбарыг хэрэгт хавсаргаж болно.