6.2 дугаар зүйл. Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авах журам

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6.2 дугаар зүйл. Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авах журам

1.Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна.

2.Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна.

3.Амаар шууд, эсхүл харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэн хүлээн авна. Тэмдэглэлд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна.

4.Албан тушаалтан, хуулийн этгээд гомдол, мэдээллийг бичгээр гаргах бөгөөд түүнд холбогдох баримтыг хавсаргаж болно.

5.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчлийн талаархи гомдлыг хүлээн авахдаа дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

5.1.гомдол гаргагчид эдлэх эрх, үүргийг танилцуулах;

5.2.гомдлыг амаар гаргаж байгаа бол энэ талаар тэмдэглэлд тусган гомдол гаргагчийг санал оруулах, гарын үсэг зурах боломжоор хангах;

5.3.харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан гомдлыг хүлээн авсан бол тэмдэглэл үйлдэн, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх;

5.4.хүлээн авсан гомдолд тухайн гомдол гаргагч гарын үсэг зурсан эсэхийг нягталж, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн бүртгэх.

6.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан гомдол гаргагч, мэдээлэл өгсөн хүн, мэдээллийн нууцыг хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

7.Зөрчлийн талаархи мэдээллийг төлбөртэй авч болно. Мэдээллийг төлбөртэй авах журмыг санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.