100 дугаар зүйл. Орон байр, барилгаас нүүлгэн гаргах, байр, агуулах сав, газар чөлөөлөх, барилга байгууламжийг нураах тухай шийдвэрийг гүйцэтгэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

100 дугаар зүйл. Орон байр, барилгаас нүүлгэн гаргах, байр, агуулах сав, газар чөлөөлөх, барилга байгууламжийг нураах тухай шийдвэрийг гүйцэтгэх

100.1.Орон байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, мал, гэрийн тэжээвэр амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно.

100.2.Газрыг төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс чөлөөлж, албадан чөлөөлсөн газрыг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр газар чөлөөлөх тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэсэнд тооцно. Тухайн газар дээрх төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн барилга байгууламжийг нураах, буулгах арга хэмжээг гүйцэтгэх баримт бичигт энэ тухай тусгайлан заасан тохиолдолд гүйцэтгэнэ.

100.3.Гүйцэтгэх баримт бичигт заасан барилга байгууламжийг нураах, буулгах болон барилгын үлдэгдэл хог хаягдлаас газрыг цэвэрлэх ажиллагаа явуулснаар барилга байгууламжийг албадан нураах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэсэнд тооцно.

100.4.Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгнө.

100.5.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 100.1, 100.2-т заасан ажиллагааг гүйцэтгэхдээ төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулж, шаардлагатай бол сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөл, баг, хорооны Засаг даргыг оролцуулна. Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагааны үед хариуцах эзэнд нь шилжүүлээгүй эд зүйл, хөрөнгийг хадгалах бөгөөд холбогдох зардлыг төлбөр төлөгч хариуцна.

100.6.Төлбөр төлөгч энэ хуулийн 100.5-д заасан эд зүйл, хөрөнгийг 2 сарын хугацаанд аваагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч түүнд урьдчилан мэдэгдэж хуульд заасан журмын дагуу худалдан борлуулна. Худалдан борлуулах ажиллагааны үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг төлбөр төлөгчид олгоно.

100.7.Шийдвэр гүйцэтгэгч энэ зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэхэд цагдаагийн байгууллага болон мэргэжлийн бусад байгууллагын туслалцаа авч болно. Туслалцаа авахтай холбогдсон зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцно.

100.8.Нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга, орон байранд байхгүй, эсхүл албадан чөлөөлөх барилга, орон байр бусдын ашиглалтад байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй.

100.9.Энэ хуулийн 100.8-д заасан тохиолдолд нүүн гарах этгээдийн эд хөрөнгийг нь битүүмжлэн зохих этгээдэд хадгалуулахаар хүлээлгэн өгч, барилга, орон байрыг чөлөөлнө.

100.10.Жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болох бөгөөд энэ хуулийн 27.2.4-т заасан үндэслэлийн дагуу уг ажиллагааг түдгэлзүүлж болно.

100.11.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 100.7-д заасан арга хэмжээний зардлыг төлбөр авагчийн зөвшөөрснөөр түүнээс гаргуулан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлаас нөхөн олгуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.