105 дугаар зүйл. Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах
105.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан, төлбөр авагчид шилжүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг ажлын 3 өдрийн дотор төлбөр авагчид шилжүүлнэ.
105.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулан авсан /үүний дотор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулснаас бий болсон/ мөнгөн хөрөнгөөс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг эхний ээлжид төлүүлж, бусад мөнгөн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлнэ.
105.3.Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангасны дараа үлдсэн мөнгөн хөрөнгийг төлбөр төлөгчид буцааж олгоно.
105.4.Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгө нь хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол энэ хуулийн 112 дугаар зүйлд заасан дарааллыг баримтлан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангана.