112 дугаар зүйл. Хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дараалал
112.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан хөрөнгө, мөнгө нь нэгэн зэрэг /нэг гүйцэтгэх баримт бичгээр/ шаардлага гаргасан хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно.
112.2.Хүүхдийн тэтгэлэг, бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрийг дараалал харгалзахгүй тэргүүн ээлжид олгоно.
112.3.Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална.
112.4.Дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах нь эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангуулах төлбөр авагчийн ашиг сонирхолд хамааралгүй бол энэ хуулийн 112.3-т заасан дарааллыг баримтлахгүй.