115 дугаар зүйл. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын болон олон улсын байгууллагатай холбоотой иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
115.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хөрөнгө, олон улсын байгууллага, тэдгээрийн хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтална.
115.2.Шийдвэр гүйцэтгэгч гадаад улсын иргэн, гадаад улсын Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хөрөнгө, олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын хөрөнгөд холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэх аливаа ажиллагаа явуулахын өмнө тухайн этгээд, түүний хөрөнгө нь Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар халдашгүй дархан эрх, ямба эдлэх эсэхийг тогтооно.
115.3.Энэ хуулийн 115.2-т заасныг тогтооход хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар уламжлуулан гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас мэдээлэл авч болно.
115.4.Энэ хуулийн 115.2-т заасан асуудал нь хэрэг маргааныг шийдвэрлэх шатанд тогтоогдсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 115.3-т заасан ажиллагааг явуулахгүй.
115.5.Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн болон гадаад улсын, олон улсын байгууллага, гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэнтэй холбоотой шийдвэрийг гүйцэтгэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу тухайн төлбөр төлөгч, түүний хөрөнгийн талаар мэдээлэл цуглуулах, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчийн байнгын оршин сууж байгаа, эсхүл хөрөнгө нь оршин байгаа гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлнэ.