118 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

118 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал

118.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах энэ хуульд заасан зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэнэ.

118.2.Дараахь зардал иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарна:

118.2.1.төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, худалдан борлуулахад зарцуулсан зардал;

118.2.2.төлбөр төлөгч, түүний нуусан эд хөрөнгийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд зарцуулсан зардал;

118.2.3.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлс;

118.2.4.илгээмж, шуудан, холбоо, хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхтэй холбогдон гарсан зардал;

118.2.5.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гүйцэтгэсэн бусад ажиллагааны зардал.

118.3.Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ.

118.4.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно.

118.5.Төлбөрийн шаардлагыг хэсэгчлэн хангасан бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэр хэмжээгээр талууд хуваан төлнө.

118.6.Гүйцэтгэх баримт бичигт зааснаар хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч байгаа бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэднээс хуваан гаргуулна.

118.7.Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэх, гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой болон төлбөрийн чадваргүй төлбөр авагчид холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

118.8.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн 29.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон бол түүний зардлыг улсын төсвөөс гаргана.

118.9.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох, зарцуулах, төлбөр авагчид буцаан олгох журмыг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

118.10.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн гаргана.

118.11.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын талаархи мэдээлэл нь тухайн ажиллагааг үүсгэсэн бүхий л хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад нээлттэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.