130 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах
130.1.Шүүгч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарах хүртэл захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно.
130.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ:
130.2.1.нэхэмжлэгч-иргэн нас барсан, эсхүл нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, хариуцагч-хуулийн этгээд, нэхэмжлэгч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эрх залгамжлагч, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй иргэнд асран хамгаалагчийг тогтоох хүртэл;
130.2.2.тухайн захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл;
130.2.3.хариуцагч-хуулийн этгээдийг татан буулгах ажиллагааг эхлүүлсэн;
130.2.4.энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл.
130.3.Энэ хуулийн 130.2-т зааснаас бусад үндэслэлээр захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.
130.4.Энэ хуулийн 130.2-т заасан үндэслэл арилсан тохиолдолд нэхэмжлэгч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна.