138 дугаар зүйл. Зөрчлийн хэргийн талаархи шийдвэрийг гүйцэтгэх
138.1.Шийтгүүлсэн этгээд зөрчлийн хэргийн талаархи хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хууль болон шийтгэл, албадлагын арга хэмжээ оногдуулах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй тохиолдолд даруй биелүүлэх үүрэгтэй.
138.2.Зөрчлийн хэргийн талаархи шийдвэрийг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, хэрэв шүүх гаргасан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ.
138.3.Зөрчлийн хэргийн талаархи шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол тухайн шийдвэрийг гаргасан байгууллага, албан тушаалтан гүйцэтгэнэ.
138.4.Энэ хуулийн 138.3-т заасан байгууллага, албан тушаалтан зөрчлийн хэргийн талаархи шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх арга хэмжээ авах бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн эрх эдлэхгүй.
138.5.Шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан гарсан хэд хэдэн шийдвэрийг тус тусад нь гүйцэтгэнэ.