144 дугаар зүйл. Баривчлах шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх нийтлэг үндэслэл
144.1.Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр оногдуулсан баривчлах шийтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ.
144.2.Баривчлах төв нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
144.3.Баривчлах төв болон баривчлах байр /цаашид "баривчлах байр" гэх/ нь баривчлах шийтгэлийг эдлүүлэх зориулалтын өрөө, тасалгаа, харуул хамгаалалт бүхий барилга байгууламжтай байх бөгөөд баривчлагдсан этгээдийн байрлах өрөө нь энэ хуулийн 209.1-д заасан шаардлагыг хангасан байна.
144.4.Баривчлагдсан этгээдийг энэ хуулийн 208.1, 208.2-т заасны дагуу тус тусад нь байрлуулах бөгөөд баривчлах байрны нөхцөл болон бусдын эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд баривчлагдсан этгээдийг ганцаарчлан хорихыг хориглоно.
144.5.Баривчлах байр нь тусгаарлах тасалгаатай байх бөгөөд түүнд шилжүүлэх журмыг энэ хуулийн 230.1, 230.2-д заасанд нийцүүлэн баривчлах байрны дотоод журмаар тогтооно.
144.6.Гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэрийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./