154 дугаар зүйл. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

154 дугаар зүйл. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх

154.1.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь тохиолдолд түдгэлзүүлж, түдгэлзүүлэх үндэслэл арилмагц үргэлжлүүлэн гүйцэтгэнэ:

154.1.1.шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ялаас бусад хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай саналаа прокурорт гаргасан, эсхүл прокурор энэ тухай дүгнэлтээ шүүхэд хүргүүлсэн;

154.1.2.ялтан ял эдлүүлэх ажиллагаанаас оргон зайлсан, нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон;

154.1.3.ял шийтгүүлсэн хуулийн этгээд татан буугдах, эсхүл өөрчлөн байгуулагдах ажиллагааны үед;

154.1.4.ял шийтгүүлсэн хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн;

154.1.5.нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаныг нотлох эмч нарын комиссын дүгнэлт гарсан;

154.1.6.нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан жирэмсэлсэн бол төрөхөөс өмнөх 60 хоног, төрснөөс хойш 1 жил хүртэл хугацаагаар;

154.1.7.гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас ял эдлүүлэх боломжгүй болсон;

154.1.8.нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн ялтны гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь хүндээр өвчилсөн, эсхүл бусад хүндэтгэх шалтгаанаар ял эдлүүлэх боломжгүй бол 3 сар хүртэл хугацаагаар;

154.1.9.зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон.

154.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянуулан 5 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.

154.3.Прокурор энэ хуулийн 154.2-т заасан шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн авмагц түдгэлзүүлэх үндэслэлийг хянаж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэж, тогтоол гаргана.

154.4.Энэ хуулийн 154.1.8-д заасан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилаагүй тохиолдолд дахин нэг удаа 3 сар хүртэл хугацаагаар сунгах эсэхийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн прокурор шийдвэрлэнэ.

154.5.Энэ хуулийн 154.1.1-д заасан нь зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хамаарахгүй.

154.6.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан үндэслэл арилсан тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянуулан 3 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

154.7.Прокурор энэ хуулийн 154.6-д заасан шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн авмагц сэргээх үндэслэлийг хянаж, 3 хоногийн дотор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх эсэхийг шийдвэрлэж тогтоол гаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.