194 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах, эрх хасах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

194 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах, эрх хасах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

194.1.Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг тухайн хуулийн этгээдийг албадан татан буулгаж, улсын бүртгэлээс хассанаар биелэгдсэнд тооцно.

194.2.Татан буулгах ажлыг Иргэний хуулийн 32.2-т заасны дагуу татан буулгах комисс гүйцэтгэх бөгөөд татан буулгах комисс /цаашид "Комисс" гэх/-т татан буулгах албадлагын арга хэмжээ авагдсан хуулийн этгээдийн төлөөлөл, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч, бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн дөрвөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.

194.3.Комисс нь татан буулгах албадлагын арга хэмжээ авагдсан хуулийн этгээдийг татан буулгах ажлыг Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу татан буулгах ажлыг зохион байгуулж, хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах мэдэгдлийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан байгууллагад, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох мэдэгдлийг уг зөвшөөрлийг олгосон этгээдэд хүргүүлнэ.

194.4.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах шийдвэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу гаргаж, нийтэд мэдээлнэ.

194.5.Татан буугдаж байгаа хуулийн этгээдээс шаардах эрхтэй этгээдийн өргөдлийг хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш 2 сараас багагүй, 6 сараас ихгүй байна.

194.6.Комисс татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана:

194.6.1.гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

194.6.2.шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулах төлбөр; 194.6.3.хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлс;

194.6.4.хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоо.

194.7.Хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь энэ хуулийн 194.5-д заасан шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд Комисс түүний бусад эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, төлбөрийг барагдуулна.

194.8.Харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт заасны дагуу шийдвэрлэнэ.

194.9.Хуулийн этгээдэд оногдуулсан эрх хасах албадлагын арга хэмжээг энэ хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ ГҮЙЦЭТГЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.