199 дугаар зүйл. Хаалттай хорих анги

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

199 дугаар зүйл. Хаалттай хорих анги

199.1.Хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна. Тусгай зэрэглэл нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ганцаарчлан ял эдлүүлэх тусгай нэгжтэй байна.

199.2.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.

199.3.Хаалттай хорих ангийн тусгай нэгжид бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ.

199.4.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.

199.5.Хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.

199.6.Хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдлыг зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд хөдөлмөрлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.